Б.Лхагвасүрэн: Бэлэн болсон банкууд IPO зарлаад явчихаж болно


УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлгийг түр хойшлуулав. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн бөгөөд нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, 18 зорилго бүхий 75 багц ажил хэрэгжүүлэхээр төсөлд байна. Төсөлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. 

Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр төлөвлөсөн гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулав. Төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Энэ асуудлыг хариуцсан Эдийн засгийн хөгжлийн сайд, дэд сайд чуулганд оролцоогүй тул түр хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал гаргасан юм. Ийнхүү хэлэлцүүлгийг түр хойшлуулжээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Төслийг ХНХ-ын сайд А.Ариунзяа танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургадугаар сарын 30-нд багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 3-ны 5 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн гэдгийг танилцуулгын эхэнд онцоллоо.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. Системд нөлөө бүхий банкууд 430-580  тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарчээ. Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байгаа аж. Иймп банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дэмжиж, сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Банкууд IPO гаргах нь тус салбарт хийх том шинэчлэл гэдгийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлэлцүүлгийн үеэр онцлоод уг ажлыг зогсоож болохгүй хэмээв. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Банкуудын үйл ажиллагааны хэлбэр нь ХХК байдаг. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани руу шилжүүлэх хуулийн хугацаа сар хагасын дараа буюу ирэх сарын 31-нд дуусна. Богино хугацаанд системийн нөлөө бүхий таван том банк зэрэг хувьцаагаа олон нийтэд санал болгож зэрэг явах нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөхөөр өрсөлдөөн бий болно. Тиймээс IPO хийж дуусах хугацааг ирэх оны зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгаж буй юм. Тэгэхээр бэлэн болсон банкууд IPO зарлаад явчихаж болно” гэлээ.

Аливаа хуулийг батлаад нэг жил болоогүй байхад дахин өөрчлөлт оруулдаг байж болохгүй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Т.Аубакир илэрхийллээ. Мөн УИХ-ын баталсан хууль судалгаа шинжилгээтэй, оновчтой байх ёстой хэмээсэн юм. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.1 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороод шилжүүллээ. 
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг байнгын хороонд буцаалаа. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй, зах зээлд борлуулж байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Иймд Уг төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн эмийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг энэ сарын 3-нд өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал тогтоолын төслийг чуулганд танилцуулахдаа, “Дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна” хэмээв.

Төрийн хяналт шалгалтын хуулиар аливаа компанид шалгалт хийхэд заавал урьдчилан мэдэгддэг байна. Энэ дагуу 2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхэд бүртгэгдээгүй болон бүртгэлийн заавраас зөрсөн 99 нэрийн 1604 ширхэг, хэрэглэх хугацаа дууссан 50 нэрийн 550 ширхэг, хаяг шошгийн зөрчилтэй нэг нэрийн 18 ширхэг, хадгалалтын горим зөрчсөн 14 нэрийн 54 ширхэг эм, эмнэлгийн хэрэгсэл илэрчээ. Ингээд зөрчил гаргасан 13 байгууллага, 28 албан тушаалтанд нийт 15 сая 250 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан байна. Тиймээс эмийн асуудлыг хянан шалгах зайлшгүй шаардлага байгааг төсөл санаачлагчид онцолж байлаа. 

Харин энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар тус түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг нарийвчлан гаргах хэрэгтэй хэмээгээд гүйцээн боловсруулах чиглэл өгч, Нийгмийн бодлогын байнгын хороонд буцаалаа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна