Хоёр хөршийнхөө бодлоготой уялдуулж чөлөөт бүсээ хөгжүүлэх шаардлагатай


Г.АТАРБОЛД 

Чөлөөт бүстэй холбоотой хууль эрх зүй нь анх манай улсад 1995 онд Чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаас үүдэлтэй. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Чөлөөт бүсийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн. Чөлөөт бүс гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг тооцно хэмээн хуульд заасан. Гол зорилго нь эдийн засгийн эргэлтийг дэмжих юм. 
Өнөөдөр манай улсад Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүс үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгохоор зорин ажиллаж байгаа билээ. 

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.Уг арга хэмжээнд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, ЗГ-ын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт болон дотоодын хөрөнгө оруулагчид оролцлоо. 


Хэлэлцүүлгийн эхэнд “Чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт илтгэлийг ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулган танилцуулсан юм. Тэрбээр “Алтанбулаг чөлөөт бүсэд өнөөдрийн байдлаар нийт 500 га газраас ААН-үүдэд 130.5 га-г олгожээ. Шинээр олгох боломжтой газар нь 34.6 га, нөөцөд авсан нь 188.4 га газар байна. Ихэнх газрыг 2018-2019 онд олгож, сүүлийн 2 жилд газар олголт буурчээ. Тус бүсэд Чөлөөт бүсийн бэлэн байдлын үнэлгээг хийж буй боловч ТЭЗҮ боловсруулаагүй ирсэн байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг аль 2003 онд хийж байсан. Хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн, мастер төлөвлөгөөг мөн онд хийж байсан ч батлуулаагүй ирснийг одоо БХБЯ-тай хамтран шинээр боловсруулж байна. Цагааннуур чөлөөт бүсэд нийт 708.5 га газартайгаас энд 9 ААН бүртгэлтэй байгаагаас 4-д нь 101.3 га газрыг олгоод байна. Энд Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2008 онд хийсэн ч мөн батлуулаагүй, ТЭЗҮ-г боловсруулаагүй, урьдчилсан судалгааг хийгээгүй “түүхий” байдалтай байна. Замын-Үүдийн чөлөөт бүс ний 900 га газартайгаас 101.9 га-г ААН-үүдэд олгожээ. Тус бүсэд 81 ААН бүртгэлтэй байна. Тус бүсийг хөгжүүлэх төлөвлөөгөө, ТЭЗҮ зэргийг заримыг нь 2011 онд боловсруулсан боловч одоо батлуулах шатанд байна. Хөшигийн хөндийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд саяхан УИХ-ын тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт мянган га газарт байгуулахаар тогтоод байна. Тус бүсийн хувьд дэд бүтцийн асуудал хараахан бэлэн болоогүй, судалгааны шатанд явж байна. “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын хэмжээнд хөгжлийг хязгаарлаж байгаа зургаан хүчин зүйлийг тодорхойлсон. Үүний нэг нь боомтын асуудал. Чөлөөт бүс, боомт хоёр харилцан уялдаатай хөгжих нөхцөл байдал бий болоод буй. Одоогийн нөхцөл байдалд институцийн тогтворгүй байдал нөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд төрөөс баримтлах бодлого тогтворгүй явж ирснээс суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудад санхүүгийн нөхцөл байдал үүссэн. Судалгаа шинжилгээнд хийсэн төлөвлөлт бүхий чөлөөт бүсүүдэд ТЭЗҮ болон бусад судалгаанууд хийгдээгүй, зах зээлийн судалгаа, ажиллах хүчний хүний нөөц харьцангуй бага,  авто замын тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ байхгүй, хөрөнгө оруулалтын орчин тааламжтай бус зэрэг олон хүчин зүйл бий нөлөөлсөн” гэсэн юм.  

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол:
-Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай 15 жил төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гарч хууль эрх зүйн орчин бүрдэл болсон боловч амжилттай хэрэгжиж чадсангүй өдий хүрлээ. Шалтгаан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ хангалттай байж чадаагүй. Захиргааны нэгжийн бүтцийн хувьд авч үзэхэд төрийн захиргааны байгууллагын статустай боловч шийдвэр гаргах эрх мэдэлгүй, ТЭЗҮ хийгээгүй, газар олголтуудыг эмх цэгцгүй хийж аж ахуй нэгжүүдтэйгээ зөвшилцөлд хүрээгүй асуудлууд бий. Жишээлбэл, өнөөдөр Зам-Үүдэд 70 аж ахуй нэгж газар авсан байна. Жинхэнэ хөрөнгө оруулагч орж ирээд ажил хийх гэхээр газар байдаггүй. Өмнө нь дуудлага худалдаагаар газар авсан хүмүүс газраа үнэ хүргэж зарна гээд хэлж байна. Энэ бол эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа амьд явах боломжгүй болсны шатгааны нэг. Тиймээс энэ алдааг давтахгүйн тулд Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг маш сайн бодлого, төлөвлөлттэйгээр байгуулах ёстой. Мэдээж төрийн оролцоо дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татвар болон бусад хууль эрх зүйн орчны зохицуулалт, газар олголт зэргийг шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэл байхаас гадна аж ахуйн тооцоог үйлдвэрийн газар, корпорацийн зарчмаар байгуулагдах нь зөв гэж үзэж загварыг хийж буй. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн ойролцоо 31 мянган га газар бий. Ажлаа 1000 га газраас эхэлнэ. Ерөнхий загварчлалын хувьд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, энтертаймент, шоу, бизнесийн төв барихаар төлөвлөсөн. Мөн олон улсын санхүүгийн төвийн үйл ажиллагааг эдийн засгийн чөлөөт бүсэд явуулна гэсэн төсөөллөөр урьдчилсан судалгааны ажлыг хийж байна. Одоогоор 1000 га газарт аж ахуй нэгжид газарт газар олголт хийгдээгүй. Ажлыг хийхийн тулд удирдлагын бүтэц, менежментийн баг нь яаж ажиллах вэ гэдэг зарчим тогтсоны дараа удирдлагын зөвлөлөөр ярилцаж хамтын шийдвэрүүдээ гаргана. 31 мянган га газарт 2010 оноос эхлээд улсын тусгай хэрэгцээний газар болгож авсан учир дэд бүтэц татах, шугам сүлжээний тендерүүдийг зарлаж зураг төслүүдийг хийлгэж бэлэн болсон. Үүнд, дулаан, цахилгаан,  эрчим хүч, цэвэр, бохир ус, цэвэрлэх байгууламж багтаж буй. БХБЯ-наас хийсэн судалгаагаар 500 орчим тэрбум төгрөг 31 мянга га-д хийгдэх бүтээн байгуулалтын ажилд зориулсан хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Ерөнхий төлөвлөгөөг хийгээд дуусч байна. 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт:
-Чөлөөт бүсийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйл өнөөдөр харилцан адилгүй байна. Үүнийг хамтдаа тодорхойлж олон улсын сонгодог загвараар нь хэрэгжих бодит ажлаа хувийн хэвшилтэйгээ хамтдаа хийж хэрэгжүүлье гэдэг талаар хэлэлцлээ. Чөлөөт бүсийг хөгжүүлэх нь дан ганц төрийн ажил биш гэдгийг өнгөрсөн хугацаа харуулсан. Чөлөөт бүсийн бодлогын асуудал нь өнгөрсөн хугацаанд тогтворгүй явж ирсэн. Одоо Эдийн засгийн яам хариуцдаг болсноороо долоо дахь байгууллага болж байна. Эдийн засаг нь худалдаанд тулгуурлаж явдаг манай улсын хувьд хил, гааль, боомтын асуудал ямар чухал болохыг цар тахлын үед илүү мэдэрсэн. Манай яамны зүгээс чөлөөт бүсийг бий болгоход олон улсад амжилт олсон сайн туршлагыг хэрэгжүүлэх замаар ажлаа цаашид төлөвлөнө. Одоогоор харьцангуй үйл ажиллагаа, дэд бүтэц нь шийдэгдсэн чөлөөт бүс бол Замын-Үүд. Тэнд ерөнхий төлөвлөгөөний ажил хийгдэж байгаа боловч нэг шүүмжлэл гарсан нь хөрш орны чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй байгаа явдал. Тиймээс ерөнхий төлөвлөгөөг уялдуулах үүднээс эргэж харах шаардлага үүссэн. 

Хөрөнгө оруулагчид нийлээд хамтарсан тусгай зориулалтын компани байгуулж оруулсан хөрөнгөөрөө хувьцаагаа эзэмшин төрийн бодлоготой уялдуулж үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнд хүрнэ гэж харж байна. Өнгөрсөн сард Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг байгуулах УИХ-ын тогтоол гарсан. Уг эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд олон улсын нисэх буудал, хурдны зам, Богдхаан төмөр замд ойролцоо байршилтэй зэрэг олон давуу талтай. Мөн олон улсын байгууллагууд судалгаа хийж мэдээллийн технологийн судалгааны төвүүдийг байгуулах боломж байна хэмээн илэрхийлсэн байдаг. Цаашид олон улсын чөлөөт бүсүүдийг амжилттай байгуулсан жишээг судалж зөв төлөвлөлт, бодлогоор уг эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах бүрэн боломж бидэнд бий гэж харж байна. 
 
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин:

-Юуны түрүүнд нэгдсэн ойлголтод хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Засаглал тогтворгүй байсны улмаас мэргэжлийн боловсон хүчин тогтворгүй байсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар улс өөрөө хийх гэж оролдсон нь хамгийн том алдаа.  Төр, засаг 25 жил чөлөөт бүсийг хөгжүүлэх гэж менежмент хийж ирлээ. Болж бүтээгүй ирсэн юмыг одоо хувийн хэвшилдээ энэ ажлыг шилжүүлэн өгч, хувийн хэвшлийнхэн консорциум байгуулаад зохион байгуулья. Нэгэнт төр хийж чадахгүй бол бидэнд хувийн хэвшлээс өөр сонголт байхгүй. Нөгөөтэйгүүр бид хоёр хөршийнхөө сонирхлыг тусгаж уялдаа холбоотойгоор чөлөөт бүсээ бий болгох, хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. 

ГХЯ-ны Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны захирал Г.Өлзийсайхан:
-Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хувьд хоёр улсын хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурагдсан байдаг. Үүний дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард соёрхон баталж олон улсын гэрээ болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн асуудал бол зөвхөн Монголын асуудал биш Хятад улсын талтай дөрвөн төрлийн механизмын дагуу хамтран уялдаа холбоо гаргаж хөгжүүлэх ёстой гэсэн гэрээ, хэлэлцээрийн заалттай. Эхний ээлжинд хамтран зохицуулах зөвлөлийг байгуулсан. Үүнд Хятадын талаас Гадаад худалдааны сайд, Монголын талаас Гадаад харилцааны сайд нар хамтран ажилладаг. Үүний хүрээнд ерөнхий төлөвлөгөөг уялдуулан боловсруулах, холбох байгууламжийн цэгийг тохирох ажлууд хийгдэнэ. Мөн хоёр тал тус тусын бүсэд ямар үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес хийхээ хооронд нь уялдуулах заалт бий. Цаашид аюулгүй байдал, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын орчныг ерөнхийд нь уялдуулах шаардлага бий. Зөөлөн дэд бүтэцтэй холбоотойгоор цахимаар бүх мэдээллээ солилцдог байхаар бэлтгэл ажлаа хийж байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар цаасгүй худалдааны ерөнхий хэлэлцээрийг батлуулсан. БНХАУ цаасгүй худалдааны гишүүн орон. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.144.113.12
    2022/05/14

    Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTL OOK.COM эсвэл whatsap +19083082601-ээр холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Нэгдсэн Улсаас ирсэн намайг хатагтай Батнер гэдэг

    Хариулах