Финланд болон Швед энэ долоо хоногт чухал шийдвэр гаргаж магадгүй


М.ХҮСЛЭН

Финланд болон Швед улс  Умард Атлантын цэргийн эвсэлд (НАТО)-д гишүүнээр элсэх тухай байр сууриа энэ долоо хоногт зарлана. Тэд НАТО-д "тийм" гэсэн хариу өгвөл Украинд олигтой амжилт олохгүй байгаа ОХУ-д хүнд цохилт болж магадгүй. Финландын Ерөнхийлөгч болон тус улсыг удирдаж байгаа социал-демократууд Москвагийн анхааруулгыг үл тоож, НАТО-д элсэхийг дэмжвэл ойрын хугацаанд Оросын хажууд Умард Атлантын эвслийн хоёр шинэ гишүүн бий болно. Өрнөдийн цэргийн холбоо ийнхүү өргөжсөний үр дүнд ОХУ Балтийн тэнгис болон НАТО-гийн Арктик дахь гишүүн орнуудаар хүрээлүүлж бүслэлтэд орохоор байна. Түүнчлэн энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд ч томоохон бүтэлгүйтэл болно.      
В.Путин хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Украин руу түрэмгийлсэн шалтгааны нэгээр НАТО-гийн Зүүн Европ руу өргөжин тэлж байгааг, мөн Киевийн тус байгууллагад элсэх гэж байгааг нэрлэж байсан нь тодорхой. Харин өнгөрсөн даваа гарагт болсон Ялалтын баярын өдөр В.Путин Украинд ямар нэг том амжилтад хүрснээ тэмдэглэж чадаагүй.     
НАТО-д элсэх нь Хойд Европын хоёр орны хувьд түүхэн үйл явдал болно. Швед улс 200 гаруй жилийн турш ямар нэгэн цэргийн эвслээс хол байсан. Харин Финланд улс дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-д ялагдсаны дараа төвийг сахидаг байр суурьтай болсон аж. Хоёрдугаар сарын 24 буюу Оросын цэрэг Украинд довтлохоос өмнө Стокгольм ба Хельсинкийн хувьд НАТО-д элсэх нь хэзээ ч чухал асуудалд тооцогдож байгаагүй. Тэгвэл ганцхан шөнийн дотор хоёр улсын нийслэлд, "яагаад элсэх гэж", "ямар хугацаанд орох вэ" гэсэн яриа гарч эхэлсэн. Украины хүчтэй эсэргүүцэл болон барууны орнуудын тавьсан хатуу хориг арга хэмжээг амссанаар энэ удаагийн түрэмгийлэл В.Путинд НАТО-гийн өргөжин тэлэх бас нэг том аюулыг авчирлаа.    
"Дайнаас өмнөх статус-квод одоо эргэж буцах ямар ч боломжгүй болсон" хэмээн өмнө нь Москвад ажиллаж байсан, одоо Вашингтон дахь Шинэ Америкийн аюулгүй байдлын төвийн судлаач, финланд дипломатч Хели Хаутала ярьж байна. Украины дайн хүртэл В.Путинтэй сайн харилцаатай байсан Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё НАТО-д гишүүнээр элсэх тухай байр сууриа зарлана. Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд хоёр орны эрх баригч социал-демократ нам ч байр сууриа илэрхийлэх бололтой. Хэрэв тэд элсэхийг зөвшөөрвөл хоёр улсын парламент НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжигчид олонх болж, эвсэлд орох тухай албан ёсны хүсэлт өгөх үйл явцыг шууд эхлүүлэх боломж нээгдэнэ.  
Ерөнхий сайд Санна Марин тэргүүтэй Финландын социал-демократууд НАТО-д гишүүнээр элсэх тухай хүсэлтийг бусад намуудтай хамтран гаргаж магадгүй. Харин Швед улсад нөхцөл байдал тодорхойгүй байгаа. Шведийн социал-демократууд ямагт гадаадын эвсэлд нэгдэхгүй байхыг шаардсаар ирсэн. Гэвч намын дарга, Ерөнхий сайд Магдалена Андерссон "Хоёрдугаар сарын 24-нийг хүртэлх болон түүнээс хойших" нөхцөл байдал бий болсон гэдгийг онцолж байгаа. М.Андерссон болон бусад социал-демократ удирдагчид НАТО-гийн гишүүнд элсэхийг дэмжих болно гэсэн таамаг бий. Гэсэн хэдий ч тэдний нам доторх жижиг фракцууд, түүний дотор Уур амьсгал, байгаль орчны сайд Анника Страндхолл тэргүүтэй эмэгтэйчүүдийн бүлэг Умард Атлантын эвсэлд Швед улс орохыг хүсэхгүй байгаа. "Ямар нэгэн цэргийн холбоонд элсэхгүй байх нь бидний эрх ашигт илүү сайн нийцнэ" гэж Страндхолл Шведийн "TV4" телевизд өгсөн ярилцлагын үеэр онцолжээ. 
Финланд ч, Швед улс хоёулаа НАТО-д элсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулбал ОХУ хөндлөнгөөс нөлөөлж магадгүй хэмээн болгоомжилж байна. Хоёр улс цэргийн эвслийн "бүгд нэгийн төлөө, нэг нь бүгдийн төлөө" гэсэн аюулгүйн баталгааг өөрсдөө авах хүртэл түр хугацаанд байдал хэврэг байхыг ойлгож буй. Өмнө нь Кремль "Хэрэв Швед болон Финланд НАТО-д орох шийдвэр гаргавал үүний улс төр болон цэргийн үр дагавар их байх болно" хэмээн анхааруулсан. ОХУ-ын Ерөнхийлөгч асан, одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев өнгөрсөн сард Финланд болон Швед НАТО-д элсвэл Москваг Балтийн бүс нутагт цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд хүргэх болно гэсэн.       
Гэсэн хэдий ч шинжээчдийн үзэж буйгаар, Оросын зэвсэгт хүчин Украинд олигтой амжилт олохгүй байхыг харгалзан үзэж ОХУ Хойд Европын орнуудын эсрэг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулна гэдэгт итгэхэд бэрх. "Финландтай 1300 км үргэлжилдэг хилд байгаа Оросын цэргүүдийн олонх нь Украин руу илгээгдэж, тэнд ихээхэн хохирол амссан" гэж Хаутала ярив. Түүний хэлснээр, одоо Оросын тал зэвсэг техникээ Финландын хилийн ойролцоо авчирч, худлаа мэдээлэл тарааж, кибер халдлага үйлдэж, финчуудын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авч, өнгөрсөн жил Польш-Беларусийн хилд болсон явдалтай төстэй ОХУ-Финландын хооронд дүрвэгчдийг чиглүүлж магадгүй аж.   
ОХУ аль хэдийн Швед болон Финландад анхаарлаа хандуулж эхэлсэн. Сүүлийн үед Оросын цэргийн онгоц Скандинавын хойгийн агаарын орон зайг хэд хэдэн удаа зөрчсөн тухай мэдээлж, алдартай шведүүдийг нацистууд хэмээн дүрсэлсэн зурагт хуудаснууд гарч ирэв. Кремль "цэргийн ажиллагааг" эхлэхээс өмнө Украины удирдагчдын эсрэг мөн тийм тактик ашиглаж байсан. Олон арван жилийн турш НАТО-д гишүүнээр элсэхийг эрс эсэргүүцэж байсан Финланд болон Швед улсад энэ жил олон нийтийн санаа бодол эрс өөрчлөгдсөн. Санал асуулгаас харахад Финландын оршин суугчдын 70 хувиас илүү, швед иргэдийн ойролцоогор 50 орчим хувь Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхийг дэмжиж байгаа юм. "Украин дахь аймшигт дүр зураг Финландын иргэдийг "энэ явдал бидэнд ч тохиолдож магадгүй" гэж дүгнэхэд хүргэсэн" хэмээн Финландын олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Чарли Салониус-Пастернак ярьж байна.     
Хүйтэн дайны жилүүдэд Финланд ЗХУ-ыг өдөөн хатгахгүйн тулд НАТО-гоос хол явсан. Харин Швед Наполеоны дайны төгсгөл хүртэл төвийг сахисан бодлого явуулж байв. Гэсэн хэдий ч хоёр улс ЗХУ-ын зүгээс ирж болзошгүй аливаа нэг аюулыг эсэргүүцэхийн тулд цэрэг татлагын үндсэн дээр хүчирхэг зэвсэгт хүчин бий болгосон. Швед бүр цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөртэй байсан ч, 1960-аад онд татгалзаж байв. 1981 оны аравдугаар сард Шведийн баруун өмнөд эрэгт Зөвлөлтийн шумбагч онгоц живснээр мөргөлдөөн үүсэх аюул улам бүр нэмэгдсэн. Гэсэн хэдий ч шумбагчийг тэнгисийн ёроолоос гаргаж, Шведийн хүчин болон Зөвлөлтийн аврах флотын хоорондох хурцадмал байдал дуусгавар болсон.  
1990-ээд онд Оросын цэргийн чадавх буурсан ч гэсэн Финланд анхаарал болгоомжоо сулруулаагүй. Харин Швед Оростой зөрчилдөх магадлал багассан хэмээн үзэж, цэргийн тоогоо хорогдуулж, бусад орнуудад болж буй дайнд энхийг сахиулагчдыг илгээх үйл ажиллагаанд голчлон анхаардаг болжээ. 2014 онд Орос Крымыг булааж эзэлсэн явдал шведүүдийг аюулгүй байдлаа эргэн харахад хүргэсэн. Тэд цэрэг татлагын журмыг сэргээж, батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх ажлыг эхлүүлж, стратегийн чухал ач холбогдолтой Балтийн тэнгис дэх Готланд аралд хамгаалалтаа бэхжүүлэв.       
Ихэнх цэргийн шинжээчдийн ярьж буйгаар, Финланд болон Швед улсад НАТО-гийн Хойд Европ дахь чадавхыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх орчин үеийн чадвардаг зэвсэгт хүчинтэй. Тэдний арми НАТО-гийн хүчнүүдтэй байнга сургалт хийдэг тул шууд хамтран ажиллах боломжтой аж. Шинээр гишүүн элсүүлэхэд ихэвчлэн хэдэн сар зарцуулдаг. Учир нь гишүүн элсүүлэх шийдвэрийг НАТО-гийн гишүүн 30 улс бүгд батлах ёстой. "Гэхдээ Швед болон Финландын нөхцөл байдалд нэгдэх үйл явц нэгээс хоёр долоо хоногийн дотор дуусч магадгүй. Яагаад гэвэл өнөөдөр нөхцөл хэвийн бус байгаа" хэмээн нэрээ нууцлахыг хүссэн НАТО-гийн төлөөлөгч сэтгүүлчдэд уламжлав. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.144.113.12
    2022/05/14

    Миний бөөрийг 420,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTL OOK.COM эсвэл whatsap +19083082601-ээр холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Нэгдсэн Улсаас ирсэн намайг хатагтай Батнер гэдэг

    Хариулах